2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Бүртгэлийг цахимаар буюу “E-Mongolia” болон боловсролын салбарын мэдээллийн “Esis” системээр явуулах аж. Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан. Үүний дагуу Боловсролын ерөнхий газрын дарга энэ оны гуравдугаар сарын 25-нд Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай А/82 дугаар тушаал баталжээ. Уг тушаалд заасан хамран сургах тойргийн дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт хуваарилах аж.
Түүнчлэн ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг наймдугаар сарын 12-ноос бүртгэх юм байна. Бүртгэлийг мөн л цахимаар явуулах бөгөөд дээр дурдсан тушаалын дагуу хүүхдүүдийг хамран сургах тойргийн нь сургуульд хуваарилах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч