Наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357 916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ. “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” сэдэвт судалгааг "Улаанбаатар аялал жуулчлалын холбоо" БОАЖЯ-тай хамтран хийв. Нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулахаар судалгааны үр дүн гарчээ.
Дотоодын аялагчдын Монгол Улсад бий болгож буй мөнгөн хөрөнгийн эргэлтийг тооцоолоход хамгийн багадаа 340 тэрбум төгрөгийн, хамгийн ихдээ 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай гэх дүн гарчээ. Үүнээс үндэслэн тооцоолоход, дунджаар 860 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болох аж.
Аялагчдын гол ачаалал Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймаг болон нийслэл орчимд төвлөрдөг болохыг дээрх судалгаанд өгүүлжээ. Мөн дотоодын аялагчид жил бүр тухайн жилийн тренд болсон үзмэр, зорих газар луу аялдаг онцлогтой.
Тухайлбал,
- 2015, 2016 онд Хөвсгөл,
- 2017 онд Мухартын гол,
- 2018 онд Хэцүү хад,
- 2019 нуур Буйр нуур,
- 2020, 2021 онд Алтай Таван Богд дотоодын аялагчдын гол зорих газар болж байв.
- 2022 онд дээрх газар луу аялах жуулчдын цуваа тодорхой хэмжээнд байх боловч шинэ тренд зорих газар Говь-Алтай аймаг, Ээжхайрхан” орчим болох төлөвтэй байна.
- 2023 онд Баянхонгор, Говь-Алтай аймаг шинэ тренд болж байсан бөгөөд Дархан Сэлэнгэ аймаг ч жуулчдын хөлд дарагдсан.
Энэ жилийн тухайд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг жуулчдын олонх нь зорьж буй.
Эх сурвалж: Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ