Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд долдугаар сарын 15 буюу өнөөдөр нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15...+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Халх гол орчмоор +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.