-Математикийн хичээлээр 23 002 сурагч шалгуулсан ч 23 нь 90-ээс дээш оноо авчээ-
Элсэлтийн шалгалт улс орон даяар дөрөв хоног үргэлжилж, уржигдар өндөрлөлөө. Хүүхэд бүр хүссэн мэргэжлээрээ зорьсон сургуульдаа сурахыг хүсэж буй. Гэвч элсэлтийн шалгалтын дүн олон хүүхэд, багш, эцэг, эхийг гонсойлгоод байна. Элсэлтийн шалгалтын нийт хичээлийн дүн, ялангуяа математикаар шалгуулсан хүүхдүүдийн авсан оноо маш хангалтгүй гарчээ. Тодруулбал, элсэлтийн шалгалтад нийт 35 939 шалгуулагч бүртгүүлснээс хамгийн олон буюу 25 720 нь математикийн хичээлийг сонгосон. Энэ нь шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн 71.5 хувь юм. Өнгөрсөн бямба гарагт математикийн шалгалтыг зохион байгуулсан. Бүртгүүлсэн хүүхдүүдээс тухайн өдөр 23 002 нь очиж шалгуулжээ. Харамсалтай нь, математикийн хичээлийн шалгалтын улсын дундаж 24.4-тэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд 40 даалгавар гүйцэтгэж, 100 оноо авах ёстой. Гэтэл ердөө хорь гаруйхан оноо л цуглуулсан гэсэн үг. Өнгөрсөн онд эл хичээлийн улсын дундаж 28.9 байжээ. Үүнээс тав орчим оноогоор буурсан үзүүлэлт юм.
Энэ удаагийн элсэлтийн шалгалт тойрсон асуудал, шүүмж, санал хүсэлт цахим орчинд дүүрэн байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн математикийн багш Ш.Амартүвшин “Гүйцэтгэлийн хувиар улсын дундаж 24.23 байна. 10 700 сурагч 36 тестийг “буудах” туршилтыг 10 мянган удаа хийж үзэхэд дундаж оноо нь 22 гарч байсан. Гэтэл шалгалтын оноо үүнээс ердөө хоёроор л илүү байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын математикийн мэдлэг тэг болжээ. Ер нь 100 онооны даалгавраас 16 хувьтай (хэмжээст оноо нь 420) гүйцэтгэж буй хүүхдүүдийг их, дээд сургуульд элсүүлэх нь зөв үү” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
“Шалгалтаа ингэж муу өгчихөөд их, дээд сургуулийн босго алхаж буй хүүхдүүдээс дахин шалгалт авч ташраар нь унагаах хэрэгтэй” гэх ч хүн байв. Цахим орчинд хүмүүсийн үзэл бодол хоёр хуваагдсан гэхэд болно. Нэг хэсэг нь шалгалтын даалгавар хүнд, сурах бичгийн агуулгаар ирээгүй учраас хүүхдүүд нийтээрээ тааруу үнэлэгдсэн гэж үзэж буй. Харин нөгөө хэсэг нь багш заахаа заасан, хүүхдүүд хичээлдээ анхаарахгүй, элсэлтийн шалгалтад ач холбогдол өгөхгүйгээр азанд найдаж орж байна гэж шүүмжилсэн. Аль нь ч бай үүнд боловсролын тогтолцооны гажуудал асар ихээр нөлөөлж байна. Иргэд ч үүнтэй санал нэгдэж, боловсролын тогтолцоог шинэчлэх хэрэгтэй, багш нарыг чадавхжуулж, сургалтын арга барилаа өөрчлөхгүй бол энэ салбар элгээрээ хэвтэх нь хэмээсэн.
“Ковид-19” цар тахлын үед сургууль, цэцэрлэг үүдээ барьж, сурагчид “гудамжинд гарсан”. Сайд, дарга нар сургалтын үйл ажиллагааг цахимаар амжилттай зохион байгуулсан гэж сайрхдаг ч үнэн хэрэгтээ хүүхдүүд юу ч сураагүйн илрэл нь одоогийн элсэлтийн шалгалтаар батлагдав. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх гэж хэдэн багш үйлээ үзээд ч тусыг эс олжээ. Хэт сүржигнэж, олон хүүхдийн ирээдүйг балласнаа өнөөгийн эрх баригчид харж буй биз. Цар тахлын улмаас хүүхдүүдийн дунд хичээлийн хоцрогдол ихээр үүсэж, дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Энэ нь элсэлтийн шалгалтын дүнд сөргөөр нөлөөлснийг Ш.Амартүвшин багш хэлсэн юм. Тэрбээр “Энэ жилийн шалгалтын сэдэв хүнд байж болох ч сурагчдын мэдлэгийн түвшин, бодит байдал нь энэ.
Олон жилийн турш үргэлжилсэн алдаатай, буруу шийдвэр, бодлогын золиос нь хүүхдүүд боллоо. Тиймээс цаашид элсэлтийн шалгалтын даалгавруудын дугаарыг бүлэг сэдвүүдтэй нь холбож тогтворжуулаад, агуулгыг хүндрүүлэх, хэмжээст оноог болиулах, сурах бичгийг сайжруулах, чанаржуулах, онлайн сургалт болон багш нараа хөгжүүлэх, нийтийг хамарсан сургалтаас гадна чадварлаг хүүхдүүдээ хөгжүүлэхэд илүү их анхаарах зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол боловсролын салбар улам уруудан доройтно” гэсэн юм. Мөн тэрбээр сурагчдын дунд дэг журам алдагдсаныг харуусан ярив. Хүүхдүүд эрхээ мэддэг ч үүргээ ухамсарлахаа больсон гэнэ. Түүний шавь нараас элсэлтийн шалгалтад нойр, хоолоо умартан махран бэлдсэн нь гарын арван хуруунд багтахаар аж. Бусад нь зүгээр л азанд найджээ.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БОДЛОГОГҮЙ ҮГ
Ирээдүй, хойч маань бүхэлдээ тоо бодож чадахгүй суухад салбарын сайд нь сайхан үгээр уянгалсаар. “Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин тэд маань бүгд аав, ээж болно. Өнөөдөр диплом амьдралын баталгаа биш болсон. Бидний зорилго бол сэтгэлийн, оюуны, биеийн тамиртай, зөв монгол хүнийг бэлтгэх. Цаашид хүүхдийг олимпиад, шалгалтад биш, амьдралд бэлтгэх тогтолцоонд шилжих юм” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа хуваалцсан. Боловсролын салбарыг хариуцаж буй сайд хүн ингэж хэлэх нь хэр зохистой вэ. Сайд нь ийм бодолтой байхад улс орон яаж хөгжих вэ хэмээн иргэд шүүмжилж байна. Тухайлбал, “Хүүхдээ урам хугарчих вий гэсэндээ аав хүн л ингэж хэлэх байх. Түүнээс БШУ-ы сайд хүүхдүүдийн толгойг илж, улсын хөгжлөөс хойш татмааргүй байна. БНХАУ, БНСУ зэрэг Азийн бусад орон элсэлтийн шалгалтад ямар ач холбогдол өгч, хүүхдүүдээ бэлдэж, яаж зохион байгуулдаг билээ. Гэтэл манайд олимпиад, уралдаан хэрэггүй гээд улам л залхуу болгож байна” гэж нэгэн иргэн бичжээ.
Л.Энх-Амгалан сайд мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын 5-8 жилд 38 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай болно хэмээн олон нийтэд хуваалцсан. 38 мянган инженер хэрэгтэй гэчихээд хүн бүр математикч болох албагүй гэж сургаал айлдсан нь логикийн хувьд үнэхээр утгагүй. Инженерийн суурь мэдлэг нь математик. Гэтэл сурах хэрэггүй гээд байгаа нь ямар учиртай вэ. Төрийн түшээ, эрх мэдэлтнүүд энэ мэтээр амьдралд наалдахгүй бодлого ярьж, ард түмнээ дорд үзсээр байх уу.
XXI зууны багш нар нь самбар, шохой хоёроос өөр хэрэглэгдэхүүнгүй, дунд сургуулийн анги танхим, сургалтын үйл ажиллагаа нь тэртээ 1990 оны байдалтай байгааг шүүмжлэх хүн цөөнгүй. Гэтэл салбарын сайд нь цахим шилжилт ярьсаар. Эхлээд багш нараа бэлдэж, сургах хэрэгтэй байна. Хэчнээн үнэтэй ширээ сандал, зөөврийн компьютер, таблет байлаа гээд ашиглаж мэдэхгүй бол хогноос ялгаагүй шүү дээ.
Сүүлийн дөрвөн жилд боловсролын салбарыг толгойлж, тогтвортой ажилласан нь Л.Энх-Амгалан. Энэ хугацаанд тэрбээр боловсролын салбарт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гаргав. Жилээс жилд хүүхдүүдийн сурах чадвар буурч, нэг хэсэг нь цойлж, нөгөөдүүл нь шороотой гудамжиндаа үлдсэн хэвээр. Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг мэдлэг, чадвартай болгохгүй бол хийсэн ажил бүрийнх нь араас хэл ам тасрахаа больсон. Хэдэн сарын өмнө багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт болсон. Гуравдугаар ангийн математикийн шалгалтын найман даалгаврын хоёр нь алдаатай байсан гэдэг. Элсэлтийн шалгалтын даалгаврыг нууцалдаг нь ч хачирхалтай.
СҮХБААТАР АЙМГИЙН ТАВАН СУРАГЧ 800 ОНОО АВЧ, УЛСДАА ТЭРГҮҮЛЭВ
Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр шалгалтын талаар мэдээлэл авахаар холбогдсон ч хариу өгсөнгүй. Тус төвөөс гадна БШУЯ, Боловсролын ерөнхий газрынхан ам ангайсангүй. Улсын хэмжээнд Монголын түүх, англи хэл, хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтад 77 сурагч 800 оноо авсан гэхээс өөр шинэ мэдээлэл алга. Харин орон нутгийн боловсролын байгууллагынхан болон багш нар хичээл тус бүрээр улсын дундаж дүнг гаргажээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн таван сурагч матетатикийн хичээлээр 800 оноо авч, улсдаа тэргүүлсэн байна.
Харин нийслэлд 11 577 хүүхэд шалгалт өгсөн ч онооны үзүүлэлтээр 15 дугаарт эрэмбэлэгджээ. Албан бус мэдээллээр монгол хэлний шалгалтад 100 оноо авахаас 38.4, нийгэм судлал 46, хими 25.8, англи хэл 37.9 гэсэн тооцоолол гарчээ. Энэ нь улсын дүнтэй бараг зөрдөггүйг багш нар хэлж байна. Сүхбаатар аймгийн сурагчид сүүлийн хоёр жил математикийн хичээлээр толгой цохиж, улсдаа тэргүүлж буйн шалтгааныг тодруулсан юм. Тус аймгийн Нэгдүгээр сургуулийн математикийн багш Г.Даваанамсрай “Математикийн шалгалтад 88-97 оноо авсан сурагчид хэмжээст оноогоор 800 гэж тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, есөн онооны зөрүүтэй хэрнээ адилхан оноо авсан нь энэ жилийн шалгалтад орсон хүүхдүүдийн дундаж түвшин тааруу байгааг илэрхийлж буй юм.
Өмнө нь ингэж 100-гаас 88 оноо авсан хүүхдийг 800-гаар тооцож байгаагүй. Нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн үнэлгээтэй харьцуулж хэмжээст оноог гаргадаг. Манай аймгийн сурагчид элсэлтийн шалгалтад тэргүүлж буй шалтгаан нь 2015 оноос орон нутагтаа олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. Тухайлбал, математик, англи хэлний сургалтыг сайжруулж, Улаанбаатар хотоос сайн багш нарыг урьж авчран, багш, сурагчдыг сургасан юм. Нэг ангийн сурагчдын 30 хувийг математикийн олимпиадад заавал хамруулах зэргээр хүүхдүүдийн идэвх, сонирхлыг нэмэгдүүлсэн” гэв.
Математикийн хичээлээр шалгалт өгсөн нийт сурагчийн дөнгөж 2.6 хувь нь 60-аас дээш оноо авчээ. Харин 0.1 хувь буюу 23 хүүхэд л 90-ээс дээш оноо авсан байна. Боловсролын салбарын бодит үнэнийг элсэлтийн шалгалт илчилчихлээ. 12 жилийн турш сурсан хүүхдүүдийн мэдлэгийн түвшин нэг иймэрхүү байна. Дөрвөн жилийн хугацаанд ахиулж чадаагүй сургалтын чанарыг сайжруулах найдлага салбарын сайдад үлдсэн болов уу.