Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, “Рио тинто Монгол” ХХК, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөс оюутнуудад тэтгэлэг олгож, ойн хөнөөлт шавжийн тархалттай холбоотой хээрийн судалгаа хийлгэж эхэлжээ. Тухайлбал, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан О.Батзориг Хангайн нурууны ойн сан дахь Якобсоны төөлүүрч эрвээхэйн тархалт, хэт олшролын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буй бол Г.Баясгалан шавжийн тархалтын ул мөрийг модны цагаригийн тусламжтайгаар судалж байгаа гэнэ. Харин О.Лхагважаргал тосон бэлдмэл ашиглан өрөөсгөл хүр эрвээхэйн тархалтыг бууруулах туршилтыг Хэнтий аймгийн Норовлин сумд хийж байна. Энэ туршилт нь ойн хөнөөлт шавжийн эсрэг хэрэгжүүлдэг механик тэмцлийг хялбаршуулах боломжийг эрэлхийлж буйгаараа онцлог юм. Оюутнуудын хээрийн судалгааны ажлын удирдагч багшаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн судлаач, багш нар ажиллаж буй.