Гавьяат жүжигчин Б.Батмэнд багадаа бөхийн спортоор хичээллэж, урлагт хөл тавьсан. Тэрбээр жил бүрийн улсын баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэйгээ “Түмэн эх”, “Эртний сайхан”, “Эрхэм төр” уртын дуугаар эхлүүлдэг. Найр, наадмын хойморт хүндлэгдэн залагддаг ааваасаа сайхан дуулдаг авьяасыг нь өвлөн, ахаасаа үндэсний бөх засаж, цол дуудахыг нь сурсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Та наадам дөхөхөөр бүр завгүй болдог байх аа?
-Би 1998 оноос өнөөг хүртэл улсын баярын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, уртын дуугаар эхлүүлж байгаагаа бэлгэшээдэг. Наадмын нээлтийг Үндэсний их театрын уран бүтээлчид төрт ёсны айзам уртын дуу “Түмэн Эх”, “Эртний сайхан”, “Эрхэм төр”-өөр эхлүүлдэг уламжлалтай. Ах бид хоёрын үүсгэн байгуулсан “Өнө” чуулгын 999 уртын дуучин энэ жилийн наадмын нээлтэд оролцох юм. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг хариуцан хийж байгаа. Хүндэтгэлийн тоглолтод Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, Б.Мөнхбаатар бид гурав “Эрхэм төр” дууг дуулна. Наадмын үеэр жуулчдад зориулсан уран бүтээлийн тоглолтоос гадна дуу, бүжиг, хөгжмийн ангийн хамт олон бие даасан уран бүтээлээ энэ сарын 10-12-нд толилуулах юм. Энэ жил төрөлх Говь-Алтай аймгийн Тонхил сумын минь 100 жилийн ойн баяр долоодугаар сарын 21-22-нд болно. Миний хувьд нутгаа зорьж, сумынхаа наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцон, хүндэтгэлийн концертыг нь зохион байгуулна.
-Завгүй ажилтай ч байсан наадмын шөвгийн дөрвөн бөхийн барилдааныг яаж ийгээд үздэг биз?
-Наадмаар шөвгийн дөрвөн бөхийг барилдах үед уран бүтээлчидтэйгээ тайзан дээр дуулж таардаг. Даваа өгсөх тусам барилдаан үзүүштэй болж, хүмүүс шуугиад эхэлнэ. Дуучид тайзан дээр дуулчихаад жижүүрийн зурагт руу барилдаан харахаар гүйдэг. Тойрч зогссон нөхдөөсөө “Одоо хэн үзүүр түрүүнд барилдахаар тунав” гээд асууна. Уран бүтээлийн тоглолт өндөрлөсөн ч бүгдээрээ харилгүй, ажил дээрээ үзүүр түрүүний барилдааныг үздэг юм. Бидэнд тоглолтын дундуур гүйлдэж үзэх бүр ч сонирхолтой санагддаг. Завгүй ажлын дундуур зав гаргаж үзэх заримдаа хөгжилтэй шүү.
-Ахыгаа дагаж улсын наадмын бөхийн цол дуудаж, зассан санагдана.
-Би Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад багшийн отгон шавь. Багш надад “Бөх засаад хэрэггүй.Чи дуучин гэдгээрээ олонд танигдах хэрэгтэй. Бөхийн барилдааныг хүмүүс шимтэж үздэг. Тэр дундаа бөхийн цол дуудаж, бөх засаж эхэлбэл дуучин гэдгээр тань бус, цол дууддаг, бөхийн засуул гэж хардаг болно шүү” гэж захиж билээ. Багшийн ярьсан нэг түүхийг марталгүй санаж явдаг юм. Тэрбээр “Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул С.Гончиг гуай уртын дуу сайхан дуулдаг байлаа. Тэрбээр олонд уртын дуучнаар бус, цол дууддаг бөхийн засуул “Дэгээ Гончиг” нэрээр хоногшиж үлдсэн. Бөх засаж, цол дуудвал чи түүн шиг болно. Тиймээс залуудаа цол дуудах гэж тэмүүлэх хэрэггүй” гэж зөвлөсөн юм. 2003, 2004 оны улсын баяр наадмын дэвжээнд ахтайгаа бөх засахдаа барууны дагуур магнайд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын арслан Б.Ганбаатарын цолыг дуудаж байлаа.
-Ахмадууд “Наадмын өдрүүдэд бөхийн зүлэг ногоон дэвжээ цаанаа нэг өөр шүү. Хийморь сэргээдэг юм” гэж ярих юм билээ. Үнэний ортой санагддаг шүү.
-Надад бөхийн засуулуудаас нэг ахмад хүн “Наадмын өдрүүдэд торгон ногоон дэвжээ шүншиглэгдсэн байдаг. Цог жавхаа, ир, бяр нь ханачихсан бөхчүүдийг засахад хийморь сэргэдэг юм” гэж билээ. Уртын дуучдаас Гавьяат жүжигчин Д.Банзрагч, Д.Баттөмөр гуай нар бөх засаж, цолыг нь дууддаг байсан. Одоо залуучуудаас Б.Мөнхбаатар, Б.Цэрэндагва нар бөх засаж, цолыг нь сайхан дууддаг. Сонирхуулахад, 2022 онд сар шинийн баярын өмнө битүүний өдөр би Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж, Соёлын яамнаас тэмдгээ гардаж аваад л цагийн дараа бөхийн барилдааны нээлтийг “Дөрвөн цаг” уртын дуугаар эхлүүлж, Төрийн гурван өндөрлөгийн өөдөөс хараад дуулж байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар ахтайгаа хамт баруун, зүүний манлайд бөх засаж, цолыг нь дуудсан сайхан дурсамж сэтгэлд тод үлджээ. Урлаг, спортод төстэй зүйл олон бий. Аль нэгийг нь сонгосон ч тухайн хүнээс сэтгэлийн хат, тэвчээр их шаарддаг. Спортоор хичээллэсэн хүн өөрийгөө ялж, олон талаар нээж, хөгжүүлдэг. Ухаан сууж, зөв хүмүүжнэ. Хүн болгон амжилт гаргахдаа бус, спортоор дамжуулж зөв хүмүүжих ёстой юм. Төлөвшсөн хүүхэд цаашдаа ямар ч ажил, мэргэжил сонгосон зөв замнадаг.
Даваа өгсөх тусам барилдаан үзүүштэй болж, хүмүүс шуугиад эхэлнэ. Тойрч зогссон нөхдөөсөө “Одоо хэн үзүүр түрүүнд барилдахаар тунав” гээд асууна. Уран бүтээлийн тоглолт өндөрлөсөн ч бүгдээрээ харилгүй, ажил дээрээ үзүүр түрүүний барилдааныг үздэг. Бидэнд тоглолтын дундуур гүйлдэж үзэх бүр ч сонирхолтой санагддаг.
-Та сумынхаа наадмаар барилдаад дөрөв давчихдаг байсан гэл үү?
-Сумынхаа наадамд барилдаж дөрөв давчихна. Надад тэр өдрүүдэд наадмын дэвжээнд зодоглосон улсын цолтой бөхчүүдийн барилдааныг тогтож суугаад сонсох зав гардаггүй байв. Б.Батболд ах үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэж, хүүхдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн. Бид нэг л насны зөрүүтэй. Дүү нараас минь Б.Батбаатар аймгийн начин цолтой. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд үндэсний бөхийн багшаар ажилласан. Мал хувьчлах үеэр манайх ам бүлийн тоогоор нэлээд малтай болсон тул арван жилийн сургуулиа төгсөөд, хөдөө гурван жил хонь хариуллаа. Хонины бэлчээрт уйдсан надад радио хань болно. Тэр үед сар шинийн барилдааныг гэртээ тухалж суугаад шимтэж сонсдог байлаа. Бөхийн төрлүүдээр хичээллэдэг байсан минь хожим урлагт хөл тавихад их нөлөөлсөн шүү.
-Та Говь-Алтай аймгийн Тонхил сумаас төрсөн алдартнуудын нэг нь. Үндэсний бөхөөр үеийнхэнтэйгээ ноцолдохоос гадна самбо, жүдогоор хичээллэдэг байсан гэж сонссон.
-Тийм ээ. Би өнөр айлын хүүхэд. Нэг эгч, хоёр ах, таван дүүтэй. Хөдөөгийн хүүхдүүдэд тухайн үед гар утас, компьютер гэж байсангүй. Манай сумын нутгаар Сутай хайрхнаас эх авсан Зүйлийн гол урсдаг. Сумын төвийн хүүхдүүд тэр голын усанд шумбаж, зүлгэн дээр өдөржин ноцолдож өнждөг сөн. Намар болоход голын сайр, чулуунаас нэг их ялгарахгүй нөхөд сургуульдаа ирдэг байлаа. Аав минь нэгдлийн жолооч, ээж малын эмч тул манайх сумын төвд амьдардаг. Намайг бага ангийн сурагч байхад нутгийн ах С.Эрхэмбаяр наадмаар Монгол Улсын начин цол хүртээд ирсэн юм. Алдар, амжилтаараа ид мандаж явсан түүнийг хүүхдүүд даган гүйлдэж, хашааны завсраар сонирхон харж билээ. Бидэнд сургуулийн биеийн тамирын багш “С.Эрхэмбаяр самбо, жүдо бөхийн тив, ДАШТ-д оролцож нутгийнхаа нэрийг гаргаж яваа” гээд бахархаж ярихыг сонсоод “Спортод амжилт гаргаж, түүн шиг алдартай тамирчин болоод нутгийнхаа нэрийг өндөрт өргөх сөн” гэж боддог байв. Миний хувьд зургаадугаар ангиасаа самбо, жүдогоор хичээллэн, аймгийн АШТ-д насныхаа ангилалд эхний гурван байрт шалгарч, жиндээ аварга болдог байсан. Эхлээд 65, дараа нь 73, -81 кг-д хүч сорьдог болов. Тэр үед түрүүлсэн тамирчинд баярын бичиг, өргөмжлөл гардуулдаг байлаа.
-Таны үеийнхнээс А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарын барилдаан олны анхаарлыг татаж, суудлаас нь өндөлзүүлдэг байсан гэдэг. Тэдний барилдааныг сонирхож хардаг байв уу?
-Наадамчин олон тэр үед улсын заан цол хүртсэн зургаан залуу бөхийн барилдааныг ид сонирхож харна. Би Улаанбаатарт оюутан болж ирээд Спортын төв ордонд бөхийн барилдаан алгасалгүй үздэг байв. Тэднээс гадна хүч түрэн гарч ирсэн залуусаас улсын начин Ж.Намжилдорж, Б.Адъяахүү, улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл нар уран мэх гаргаж, сайхан барилддаг байлаа. Хүмүүс тэр үед “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд сурдаг залуу бөхчүүдийн барилдахыг харах л гэж их ирнэ. Радиогоор сонсож, зурагтаар хааяа нэг хардаг байсан бөхчүүдээ Спортын төв ордонд барилдахыг нь үзэх үнэхээр сайхан санагддаг сан. Одоо ч заримтай нь сайхан нөхөрлөж байна. Манай нутгийн бөхчүүдээс С.Эрхэмбаяр начнаас хойш олон жилийн дараа Б.Суманчулуун улсын начин цол хүртсэн. Би жүдогийн барилдаан харах дуртай. С.Шижирбатын жүдогийн барилдааны онцлог, мэх, техникийг нэг бүрчлэн тайлбарладаг нь их таалагддаг. Намайг хүүхэд байхад жүдогоор залуус хичээллэдэг байсан бол одоо эмэгтэйчүүд хүч сорьж, амжилт гаргаж байна.