Монголын түүх, англи хэл, хими, газарзүй, нийгэм судлалын элсэлтийн шалгалтаар 77 сурагч 800 оноо авлаа. Элсэлтийн шалгалт өчигдөр өндөрлөсөн бөгөөд 17.00 цагийн үед физик, монгол хэлний хичээлийн нэгтгэсэн дүн гараагүй байв. Англи хэлний хичээлээр улсын хэмжээнд 35 шалгуулагч 800 оноо авчээ. Тэдний 19 нь Улаанбаатар хотын харьяат аж. Монголын түүх хичээлээр 1358 шалгуулагч өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн сурагч 800 оноо авсан юм.
Химийн хичээлээр улсын хэмжээнд найман шалгуулагч 800 онооны эзэн боллоо. Тэднээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 12Г ангийн сурагч Б.Хулан орон нутгаас ганцаархнаа химийн хичээлээр 800 оноо авсан юм. Газарзүйн хичээлээр улсын хэмжээнд хоёр сурагч элсэлтийн шалгалтын дээд оноог авсан гэнэ. Харин нийгэм судлалаар улсын хэмжээнд 31 шалгуулагч 800 оноо авчээ.
Сайншанд сумын I сургуулийн 12А ангийн сурагч А.Сувдаа математик болон англи хэлний хичээлээр хос 800 оноо авав. Үүнийг олон улсын шалгалтын үнэлгээгээр дүйцүүлэхэд IELTS-н найм, математик нь SAT-780 оноо болсон аж.
Энэ удаагийн элсэлтийн шалгалтад 35 939 шалгуулагч бүртгүүлсэн. Тэднээс 14 812 нь Улаанбаатарт, 17 541 нь орон нутгийн шалгуулагчид байсан гэнэ. Математикийн хичээлээр хамгийн олон шалгуулагч буюу 25 720 сурагч өрсөлдсөн аж. Хамгийн бага шалгуулагчтай нь түүх, орос хэл, газарзүйн хичээл байлаа.
Бэлтгэсэн А.Үүл