Соотон алагдаага (алагдаахай) гэж дэлхийд нэн ховордсон, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг амьтан байдаг аж. Эл амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгджээ. Зөвхөн соотон алагдаагыг үзэхээр жил бүр гадаадаас олон жуулчин ирдэг бөгөөд судлаачид түүнийг “Цоохор ирвэсээс дутахгүй алдартай” хэмээн тодотгодог гэнэ. Тэгвэл тус амьтан Английн ВВС телевизийнхний анхааралд өртжээ. Дэлхий дахинаа алдаршсан агентлагийн уран бүтээлчид Монголд л харж болох биологийн нэн ховор төрөл, зүйлийн талаар кино хийхээр өмнийн говьд нэг сар орчмын хугацаанд ажиллаж байна. “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр тэргүүтэй туршлага, мэдлэгтэй судлаачид тэдэнд замчилж буй гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл