“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Монголд болно. Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
Долдугаар сарын 7-ны өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой. Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү хуралд БШУ-ны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцоно.