Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтвортой, говийн бүсэд хэт халж байгааг ЦУОШГ-аас мэдээлэв. Тухайн сар, өдрийнхөө үнэмлэхүй их, бага утгыг эвдсэн үзүүлэлтүүд ч энэ өдрүүдэд бүртгэгдэж буйг цаг уурчид танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 1-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд агаарын температур 37.5 хэмд хүрсэн нь он гарснаас хойших хамгийн өндөр градустай, халуун өдөр хэмээн тэмдэглэгдсэн бол хоёр хоногийн дараа эл“дээд амжилт” эвдэгджээ. Долоодугаар сарын 3-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумд агаарын температур 37.8 градуст хүрсэн аж. Энэ нь 2024 оны төдийгүй өнгөрсөн хугацаанд тохиосон долоодугаар сарын 3-ны өдрүүдээс хамгийн халуунд тооцогдож байна. Харин Ховд аймгийн Алтай сумд тус өдөр 14.9 хэм байсан нь агаарын температурын үнэмлэхүй бага утга болжээ.
Хэт халж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд наршилтаас сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж байна. Ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, гадаа ажилладаг, зүрх, судасны болон архаг хууч өвчтэй хүмүүсийг илүү болгоомжтой байж урьдчилан сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлэхийг уриаллаа. Наршилтаас сэргийлэх хамгийн ойрын аргууд нь шингэн зүйл ойр ойрхон уух, гадаа удаан хугацаагаар явахгүй байх, даавуун хувцас, малгай өмсөх аж.
Бэлтгэсэн Н.Мишээл