Дэлхийн банк манай Засгийн газраас нэхэмжлээд байсан 1.7 сая ам.долларыг БНСУ-ын талаас шилжүүлэн авлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд“хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард“Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын“Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаад байсан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон“Аксис системс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм. Уг 1.7 сая ам.долларыг нөхөн төлүүлснээр улсын төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоов.