Монгол Улсын хүн амын 31 хувийг 10-29 насныхан эзэлж байна. Өсвөр насанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон бие махбод, сэтгэл зүйн олон өөрчлөлттэй нүүр тулдаг. Амьдралын туршлагагүй энэ үедээ үе тэнгийнхний буруу нөлөөнд автах, зөв мэдээлэлгүйн улмаас алдах тохиолдол цөөнгүй. Тэгвэл хүүхэд, залуучуудад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох бэлгийн боловсролын төв өнөөдөр үүдээ нээж байна. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо угтаж, уг төвийг ажиллуулж ж буй аж. Орчин үеийн технологи, сургалтын бодит үзүүлэн ашиглан сонирхолтой, шинэлэг сургалтын арга барилаар бүх хүнд ойлгомжтойгоор нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох юм байна.
Өсвөр насныхан, залуучууд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж, хүчирхийлэлд өртсөнөөс хүсээгүй үедээ жирэмсэлж, улмаар үр хөндүүлэн, бэлгийн замын халдвараар өвчилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт төрөлтийн 1.9 хувь нь өсвөр насныхан байж. Өнгөрсөн онд үр хөндүүлсэн нийт эмэгтэйн 4.2 хувийг 20-иос доош насныхан эзэлжээ. Үүгээр зогсохгүй 15-19 насны охидын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт ордог бол гуравдугаарт амиа хорлолт бичигдсэн аж. Хөвгүүд ч мөн ялгаагүй эрсдэлтэй нөхцөлд байна.
Төвийн нээлтэд Монголын төдийгүй Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн улсын төлөөлөл, Тайланд, Филлиппин, Вьетнам, Камбож, Шинэ Зеланд, Лаос зэрэг 10 гаруй орны залуус оролцох гэнэ. “Пийс тауэр”-ын 909 тоотод байрлах Бэлгийн боловсролын төвд залуус хүссэн үедээ очиж, мэдээлэл авах нээлттэй. Мөн цэцэрлэг, сургуулийн багш нар сурагчидтайгаа, эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ зочилж, ярилцахаас халширдаг сэдвээрээ хамтдаа суралцах боломжтой аж.