Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд 10.2 га талбайг олон улсын жишигт нийцүүлэн “РиоТинто” компанийнхан тохижуулсан юм. 80 хувь нь ногоон байгууламж бүхий эл цэцэрлэгт хүрээлэн өчигдөр олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Хүрээлэнд очиход үүд хэсгийн замыг засаж дуусаагүй байв. Хаана, юу байгааг замын хажууд байрлуулсан самбараас төвөггүй мэдэж болно. Цааш явахад тоглоомын талбай тааралдлаа. Тэндэлс асгаж, хиймэл зүлгээр орчныг нь тохижуулжээ. Ингэснээр хүүхэд унасан ч гэмтэж бэртэх нь бага. Тоглоомын талбайн ойролцоох модны сүүдэрт хүмүүс үдийн цайгаа зооглож байлаа. Зарим эцэг, эх хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож ч харагдана.
Савлуур олныг байрлуулсан бөгөөд өргөн суудалтай учир хоёулаа хамт суусан ч болохоор санагдав. Тоглоомын талбайн гол дахь баавгайн хэлбэртэй гулсуур хүүхдүүдэд ихэд таалагдсан бололтой. Ойролцоо нь байрлах гулсдаг дүүжлүүрээр ч хүүхдүүд ээлжлэн тоглоно. Томчууд гулсаж үзэхэд тэднийг арай л даасангүй. Үсэрдэг гудас руу нь олсоор дамжин гарах юм байна. Манай улсад тэр бүр харагдаад байдаггүй сонирхолтой тоглоомуудыг тэнд байрлуулжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт жижигхэн цөөрөм бий. Эргэн тойрныг нь модод бүрхсэн тул дуу чимээ бага. Цөөрмийн дэргэд суух нь ойд амарч буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Явган хүний зам нь өргөн луулаа явсан ч таатай. Мөн талбайд автомашин орж ирэх боломжгүй. Тиймээс “Хүүхдүүдээ бэртэх вий” гэж айлтгүй. Олон нийт ихээр цугладаг газар ариун цэврийн өрөө асуудал болдог. Тэгвэл тэнд ариун цэврийн өрөөг хүртээмжтэй бөгөөд тухтай байлгахаар шийджээ. Мөн гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулахад зориулсан “Саварт найзуудын талбай” ч бий.
Чөлөөт цагаа өнгөрөөхөд тохиромжтой газар хотод тун цөөн. Тэгвэл эл цэцэрлэгт хүрээлэн тэдний тоог нэгээр нэмлээ.
Бэлтгэсэн: А.Үүл