Хог тээвэрлэлтийг хувийн хэвшилд шилжүүлснээр үйлчилгээ нь чанаргүй болсон талаар Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Монгол” хотхоны СӨХ-ны захирал Б.Төмөрбат өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Манай ойр орчмын хог тээвэрлэлтийн үйлчилгээг “Лонг балюстрад” компани хариуцдаг. Сард 16 удаа ачих ёстой бөгөөд нэг хоног өнжөөд л хог тээвэрлэх хуваарьтай. Гэтэл араас нь хөөцөлдөж хэрүүл хийж байж л 3-4 хоногтоо нэг ачуулж байна. Өнгөрсөн ням гарагт ачих ёстой байсан. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн баасанд ирээд чимээгүй болсон тул хөөцөлдөж байж мягмар гарагт ачууллаа. Одоо залгаад ч утсаа авахаа больсон. Манай хотхонд 810 айл оршин суудаг. Хог тээвэрлэх үйлчилгээнд айл бүр 2000 төгрөг төлдөг.
Аж ахуйн нэгжүүдтэй нийлээд манай хотхоноос л гэхэд гурван сая төгрөг тэдэнд тушааж байна. Гэтэл “Техник хэрэгсэл эвдэрсэн” гэх шалтгаанаар ажил нь саатах үе ч бий. Хог тээвэрлэлтийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээс хойш ийм тохиолдол Баянзүрх дүүрэгт түгээмэл болсон. Тохижилт үйлчилгээг төрийн байгууллага хариуцаж байхад ийм асуудал гарч байгаагүй. Тендерээр шалгараагүй “хулгай”-гаар хог ачдаг “Тамир эко” компаниар үйлчлүүлэхэд хогийн цэгийн ойр орчмыг цэвэрлэж ариутгасан. Ийм чанартай ажил хийж байгаа хэрнээ үнийн хувьд “Лонг балюстрад” компанид төлж буйтай ижил.
Тиймээс хог тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгчдийг тендерээр шалгаруулах бус, хувийн хэвшлийнхэнд нээлттэй үлдээх хэрэгтэй. Ингэснээр өрсөлдөөн бий болж, үйлчилгээ нь илүү сайжрах боломжтой. Мөн манай орон сууцын эргэн тойронд л гэхэд таван хогийн цэг бий. Үүнийг нэгтгэж, төвлөрсөн хогийн цэгтэй болох хэрэгтэй. Ингэснээр иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангана. 4-5 байрны дунд төвлөрсөн цэгтэй болоход хог ачиж байгаа компанидаа ч амар болно” гэв.
Эдгээр асуудлаар Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхнээс тодруулахад “Хог тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Техник нь эвдрээд, үйл ажиллагаа нь саатаад буй зүйл үгүй. Саяхан л хэдэн техник эвдэрсэн” хэмээлээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн