Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаар ажиллаж байсан О.Төрбаярт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн сарын 24-27-нд 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсний тав нь авлига, албан тушаалынх байсан юм. Эдгээрийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой, “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Хил, гааль, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд холбогдсон 21 яллагдагчид холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тэдний нэг нь Гашуунсухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан О.Төрбаяр гэнэ.
Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Их говийн илч”, “НБ транс” ХХК-ийнхнаас хахууль авч, нүүрс тээврийн машинуудыг түргэн шуурхай шалгаж, улсын хилээр нэвтрэхэд нь давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хахуульд авсан 7.8 сая төгрөгийг АТГ-ынхан эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. О.Төрбаярт Эрүүгийн хуулийн 22.4-2 “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулж үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол дээрх хоёр аж ахуйн нэгжийн албан тушаалтанд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татсан байна.