“Дэлхийн ур чадвар” олон улсын уралдаан нь мэргэжлийн боловсролын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, урам зориг өгч сэдэлжүүлэх, харилцан суралцаж хамтран хөгжихийг дэмжих замаар стандартад нийцсэн ур чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ. Тус тэмцээнд 22 хүртэлх насны 65 орны үндэсний ялагч, шилдэг 1500 залуус 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө.
Францын Леон хотод 2024 оны 9 үгээр сард болох тус олон улсын уралдаанд Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
CNC ТОКАРЬ мэргэжлийн төрөлд оролцогч Барилгын Политехник Коллежийн суралцагч А.Нямбаяр, эксперт багш Г.Оюунбат нар БНСУ-ын оролцогч Жонсу Ким болон эксперт багш Пак Ёон Сук нар 2024 оны 7 дугаар сарын 1-ээс 9-ний өдрийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн цехэд хамтарсан бэлтгэл хийж эхлээд байна. Бэлтгэлийг “Дэлхийн ур чадвар” олон улсын уралдаанд ашиглагддаг даалгавар ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд уралдааны дүрэм, журам, хугацааг баримтлан ажиллаж байна.
Өгөгдсөн даалгаврын дагуу суурь машинд тохиргоо хийх, хавчих хэрэгсэл, багаж, хэмжих хэрэгсэл, ажлын байр бэлтгэх дадал суулгах тал дээр харилцан туршлага солилцож байгаа нь бидний хувьд их үр дүнтэй ажил болж байна. Мөн эд анги боловсруулах технологи дараалал гаргах, боловсруулалтын горим сонгох, хэмжих болон зорох багаж сонгох, CNC машиныг ажиллуулах G код гаргах, суурь машин дээр эд анги боловсруулах, боловсруулсан эд ангид хэмжилт хийх зэрэг ажилбаруудыг заагдсан хугацаанд багтаан гүйцэтгэн гарсан үр дүнд дүгнэлт хийн ажиллаж байна.
Металл боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцон хамтарсан сургалт хийж байгаа нь манай улсын мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон дурдсан байна.