Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тоо өмнөх оноос хоёр хувиар буурч 4378 боллоо. Нийт ажиллагсдын тал хувийг телевизийн салбарт ажиллагсад бүрдүүлж байгаа бол тавны нэг орчим хувийг мэдээллийн сайтад ажиллагсад бүрдүүлж байна. Харин үлдсэн хувийг сонин, радио, сэтгүүлд ажиллагсад бүрдүүлж байгаа юм. 2023 оны байдлаар Монголд сонин 51, сэтгүүл 41, радио 45, телевиз 111, мэдээллийн сайт 186 бүртгэгдэж нийт 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэн аж.
Телевизийн тоо 2019 оноос хойш тогтмол буурч байгаа бөгөөд 2023 онд нийт телевизийн тоо өмнөх оноос дөрвөөр буурч 111 боллоо. Тодруулбал, үндэсний хэмжээнд 20 телевиз, Улаанбаатарт 46 телевиз, орон нутагт 45 телевиз идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин телевизийн салбарт ажиллагсдын аравны нэг орчмыг орон нутагт ажиллагсад бүрдүүлж байна.
2014 онд 111 сонин үйл ажиллагаагаа явуулж байсан бол үүнээс хойш жил бүр буурсаар 2023 оны байдлаар 51 сонин боллоо. Сонины тоо буурч байгаатай холбоотой борлуулалтын тоо сүүлийн 10 жилд 2,7 дахин, сүүлийн 5 жилд 0,94 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Радиогийн тоо 2021 оноос хойш тогтмол буурч байна. 2023 оны байдлаар нийт радиогийн тоо нэгээр буурч 45 боллоо. Эдгээрийн дийлэнх хувийг буюу 71 хувийг хувийн байгууллага эзэмшиж байна. Радиогийн салбарт ажиллагсад нь нийт хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 8%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс 30-39 насныхан хамгийн их хувийг (38%) эзэлж байна.