Үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийг гамшгаас хамгаалах нэрийдлээр Сэлбэ голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, хядаж байгаад судлаачид ихээхэн бухимдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа тэргүүтэй судлаачид үүнд шүүмжлэлтэй хандаж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагынхныг экологийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг шаардаж эхлэв.
Голын эргийн бургаснуудыг сүйтгэж эхэлснээс хойш олон нийтийн дунд мод үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг, эсэх талаар маргаан үүсээд буй. Тэгвэл мэргэжлийн судлаачид ямар ч тохиолдолд голын экосистемийг хамгаалагч моддыг булгалах нь буруу гэдгийг хэлж байна. Лаг, шаврыг нь ч хамаагүй хөндөж болдоггүйг анхаарууллаа. Биологич Ч.Баярмаа “Голын эргийн модод нь нүүрстөрөгч, микро уур амьсгал, тоосжилтыг зохицуулж, шим тэжээлийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна усан дахь нитрит, фосфорыг бууруулж, цэвэршүүлдэг. Харин ёроол дахь лаг, шавар, хурдас нь усны тэжээлийн суурийг хамгаалах, бичил амьдрах орчныг тэтгэх, бохирдуулагч бодисыг шингээн саармагжуулах, хөрсний усны нэвчилтийг зохицуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Сэлбэ голын бургас, зүлэг, ёроолын лаг, шаврыг тооцоо, судалгаа, төлөвлөгөө, зорилгогүй ухаж байгаа нь биологийн олон янз байдал, гидрологийн хувьд асар хор уршигтай” гэв. Голын голдирол, татамд дур зоргоор халдах нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг ч шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлав.
Судлаач Н.Батсайхан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг экологич, биологичид, мэргэжлийн шинжээчидтэй зөвлөлдөж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахыг уриаллаа.
Бэлтгэсэн Н.Мишээл