Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан тул элсэлтийн шалгалтыг энэ сарын 4-7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Элсэлтийн шалгалтыг хойшлуулсанд шалгуулагчид төдийгүй багш нар бухимдаж, цахим орчинд дургүйцлээ илэрхийлсээр буй юм. Төгсөх ангийн сурагчдыг зургаадугаар сарын 15-нд амраасан ч шалгалтыг нь ийнхүү 20 гаруй хоногийн дараа зохион байгуулах гэж буй нь шалгуулагчдад ихээхэн халтай гэж үзэж байна. Шалгалт хойшилсноор хүүхдүүдийн бэлтгэл суларч, “Хүссэн оноогоо авахгүй байх вий” гэх сэтгэл зүйн дарамтад өртөж байгааг ч зарим эцэг, эх хөндлөө.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 35 939 шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 14 812 нь Улаанбаатар, 17 541 нь орон нутгийнх бол 3586 нь өмнөх оны төгсөгч аж. Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ бичиг баримтаа бүрэн авчрахыг сануулав. Тодруулбал, суудлын хуваарийн дагуух байранд очихдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг заавал авч очих ёстой аж. Мөн eyesh.eec.mn цахим хуудсанд хандан бүртгэлийн хуудас болон суудлын хуваариа хэвлэж авах шаардлагатай гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн