МҮОХ, Монгол-Францын төвтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2024 оны Олимпын өдөрт зориулж Франц үндэсний спорт болох Петанкийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тус тэмцээнийг Франц улсын засгийн газрын санхүүжилтээр байгуулсан Петанкийн зориулалтын талбай дээр зохион байгуулж, талбайн нээлтийн үйл ажиллагаа болов.
Тэмцээнд Олимпын хөдөлгөөнийг өөрийн аймаг дүүрэгтээ идэвхи зүтгэлтэй сурталчилдаг шилдэг 8 олимпын зөвлөл оролцсоноос гуравдугаар байрт Налайх дүүргийн “Лиллехаммер” олимпын зөвлөлийн тамирчид, хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн “Нагано” олимпын зөвлөлийн баг тамирчид, нэгдүгээр байрт Хөвсгөл аймгийн “Сидней” олимпын зөвлөлийн баг тамирчид тус тус байр эзэллээ.
Мөн “Парис-2024” сэдэвт комик номын уралдааны ялагч нарыг шалгаруулав. Уг уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ын 10а ангийн сурагч Б.Идэрмөнх гуравдугаар байр, Шинэ-Үе ахлах сургуулийн 8б ангийн сурагч Б. Баярцэлмүүн хоёрдугаар байр, Төв аймаг, Зуун мод сумын тавдугаар сургуулийн 9б ангийн сурагч О.Ганчимэг нэгдүгээр байрт тус тус шалгарлаа.
Уг үйл ажиллагаанд Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцов. Парисын олимпын наадмыг угтаж олимпизмыг хөгжүүлэх сургалт сурталчилгаа өрнүүлэх, Олимпын өдрийг хамтран зохион байгуулах, ОУОХ-ны үндсэн хэл болох Франц хэлний анхан шатны мэдлэгийг баг тамирчид, олон нийт, хүүхэд залууст олгох, тус улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.