Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг 2015 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч, үүнээс гурван жилийн дараа хилийн цэсийг нь шинэчлэн, талбайн хэмжээг нь 44.1 га болгосон. Харин энэ онд тухайн хэсгийг нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтад авч, экосистемийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийхээр болсон билээ. Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газар, тус дүүргийн холбогдох байгууллагууд Бумбатын рашаанд түшиглэн 10 500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 мянга гаруй мод тарин, нийт 7.7 га талбайд ногоон бүс бий болгожээ. Цаашид тухайн бүсэд явган аяллын маршрут гаргах, зэрлэг амьтан ажиглах судалгааны цэгүүд байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.