Олон улсын цэвдэг судлалын XII хурлын үеэр залуу эрдэмтдийн дунд зохион байгуулсан “Frostbyte” уралдаанд манай улсын .Саруулзаяа, Ё.Пүрэвдулам нар амжилттай оролцож, цэвдэгтэй холбоотой мэдлэг, боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач хэмээн үнэлүүлжээ. Тэд өөрсдийн хийсэн судалгааны ажилд тулгуурлан сүүлийн нэг жилийн хугацаанд бэлтгэсэн илтгэлээрээ “Шинжлэх ухааны харилцаа холбоо” төрөлд шилдгээр шалгарсан байна. Канадын Вайтхорс хотод болсон XII хуралд 1400 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцжээ. Манай улсыг төлөөлж ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын судлаачдаас гадна “Гео крио”, “Ньюкон” компанийн удирдлага оролцсон аж. Залуу эрдэмтдийн дундах тэмцээнд амжилттай оролцсон доктор А.Саруулзаяа нь хүрээлэнгийнхээ цэвдэг судлалын салбарын дарга бол Ё.Пүрэвдулам нь эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан гэнэ. Ташрамд дурдахад, Азийн цэвдэг судлалын олон улсын хурлыг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.