Ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээлийн байр хүрэлцэхгүйгээс гурван ээлжээр хичээллэх тохиолдол бий. Гэтэл зарим сургууль шинэ байртай болоход хуучныг нь албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан хувийн аж ахуйн нэгжид олгосон явдал ч гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн II байрыг нурааж, гарсан модыг нь ашиглан Онон багийнхаа нутагт эко зуслангийн байрыг 43.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барихаар 2020 оны есдүгээр сард “Биндэр алтай оюу” гэх компанитай гэрээ байгуулсан аж. эвч тус компанийн менежер Баярсайхан гэдэг хүнд сургуулийн хичээлийн байрны үлдэх хөрөнгө болох 23.5 саяар үнэлэгдсэн модон материалыг үнэ төлбөргүй олгосон хэмээн буруутгаж буй юм.