Улаанбаатар хотын түгжрэлийг нэг сарын дотор 40 хувиар бууруулах боломжтой талаар “Монгол такси” компанийн дэд захирал, зам тээвэр судлаач Э.Тэмүүжин өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Түгжрэл үүсгэж буй шалтгаан олон янз. Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулбал уг асуудлыг нэг сарын дотор 40 хувиар бууруулах боломжтой. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас таксины нэг км-ийн үнэ 1000 төгрөг байхаар заасан. Гэтэл өдгөө 1000-1500 төгрөгөөр явж байгаа такси алга шүү дээ. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай байгуулсан гэрээнд үйлчилгээнд явах автомашины насжилт 10 жилээс хэтрэхгүй, зөв талдаа жолооны хүрдтэй, стандарт шаардлага хангасан байна гэж заасан. Үүнийг нь зөрчвөл бидний үйлчилгээг шууд зогсооно. Харин 50 мянган жолоочийг эгнээндээ нэгтгэсэн манай өрсөлдөгч компанид энэ шаардлагаа тавьдаггүй. Төр эрх мэдлээрээ дамжуулж хувийн хэвшлийн байгууллагад давуу байдал олгож байна. Мөн бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөртэй танилцахад түгжрэлийг бууруулах шийдэл алинд нь ч байсангүй. Тиймээс зарим намын төлөөллийг энэ талаар хэлэлцэх мэтгэлцээнд урьж байна” гэлээ.
Бэлтгэсэн: А.Үл-Олдох