Байгаль, амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллагууд хамтран манай орны зүүн бүсэд цагаан зээрийн судалгааг эхлүүлээд байна. Тухайлбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачид Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдтэй хамтран цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдлын судалгаа хийж эхэлжээ. Энэ нь Монгол орны зүүн бүсэд барьж буй, цаашид барих төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах боломжит цэгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, мониторинг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилготой гэнэ. Үүний хүрээнд судлаачид цагаан зээрийн нүүдлийн замыг тогтоох зорилгоор хэд хэдэн бодгальд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүгээд буй юм байна.
Мөн дээрх сангийнхан ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологичидтой хамтран цагаан зээрийн тоо толгойг тогтоож буй аж. Үүний үр дүнд зээр өсөж үржихэд таатай газруудыг тодорхойлж, тухайн зүйлийг хамгаалах бодлого, стратеги боловсруулах нөхцөл бүрдэнэ гэж судлаачид өгүүлжээ.