БОАЖЯ, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол орны баруун, зүүн, төвийн бүсэд хөнөөлт шавжийн тархалт, устгал явуулах талбайн хэмжээг тогтоох судалгаа хийж буй. Үүний хүрээнд тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэсэн судалгааны зарим үр дүнг Ойн газраас өчигдөр танилцуулав.
Төвийн бүсэд Архангай, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт 747.6 мянган га талбайд судалгаа явуулахаар төлөвлөснөөс одоогоор 230 мянган га-д нь ажиллажээ. Үүний 52.6 хувь буюу 121 мянган га талбайд нь микробиологи болон авиа микробиологийн аргаар шавж устгах арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна. Энэ бүсэд Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт эрвээхэй ойн санд хохирол учруулах хэмжээнд голомтлон тархжээ.
Харин баруун бүсийг хариуцаж буй судлаач, мэргэжилтнүүд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Увс аймгийн ойн санд хамаарах 429.9 мянган га талбайд ийм судалгаа хийгээд буй гэнэ. Эдгээр аймгийн ойд дээрх хоёр зүйлээс гадна Сибирийн хүр, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй өргөн тархсаныг тогтоожээ. Судалгаанд хамруулсан талбайн 107.5 мянган га-д энэ дөрвөн зүйлийн шавж тархсан, үүний 80.4 мянган га-д нь тэмцлийн арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэсэн. Одоогоор баруун, зүүн бүсэд 660 орчим мянган га талбайд судалгаа, үнэлгээ хийснээс 201 мянга гаруй га нь (30.4 хувь) хөнөөлт шавжийн нөлөөгөөр ихээхэн доройтжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл