Сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд гар утас болон зурагт үзэж л өдрийг өнгөрөөж байна. Гараад тоглохыг хүссэн ч тоглоомын талбай ховор. Байгаа хэд нь стандартын шаардлага хангахгүй, нурж унах дөхсөн нь элбэг. Тэдний хувьд аав, ээжтэйгээ тоглоомын төвөөр үйлчлүүлэх нь хөгжилтэй дурсамж бүтээж, гэр бүлийн халуун дотно уур амьсгал мэдрүүлдэг гэнэ. Тиймээс амралтын өдрүүдэд зорин очиход тохиромжтой тоглоомын төвүүдийн мэдээллийг хүргэе.
“Playtime 1250” тоглоомын төв Хан-Уул дүүрэгт байрлах “Emart” худалдааны төвийн гуравдугаар давхарт үйл ажиллагаа явуулж байна. Тус тоглоомын төвд авиралтын хана, дүүжин гүүр, хоёр метр орчим өргөнтэй гулсуур бий. Мөн олон төрлийн мушгиа гулсуур ч уг төвийн нэгээхэн хэсэг юм. Жижиг бөмбөлгөн “нуур” ч тэнд байгаа гэнэ. Нэг цаг тоглох үнэ нь хүүхэд бүрийн 33 000 төгрөг аж.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт “NC building” үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт “Daddy’s time” тоглоомын төв байрладаг. Тус төвийг үлгэрийн баатрууд болон ханын зургаар чимэглэсэн нь хүүхдийн сонирхолыг татахаар өнгөлөг харагдана. Гулсуур, таазанд өлгөсөн дамжуурга, үсэрдэг гудас зэрэг бий. Үнийн хувьд нэг цаг нь 15 000 төгрөг. “Энканто молл”-ын тавдугаар давхарт “Хан хатан” төв байна. Тоглоомуудынх нь тухайд өмнө дурдсан төвүүдийнхтэй ижил. Үнийн хувьд нэг цаг нь 15 000 төгрөг аж.
Цахим сүлжээнээс хайж, тоглоомын төвүүдийг судлахад 10-аад л гарч ирэв. Гэвч тэдгээрийн үнэ нь 15 000 төгрөгөөс дээш бөгөөд хотын урд хэсэгт байрлалтай. Эцэг, эхчүүд өөрсдийн завтай үедээ хүүхдүүдээ тохилог орчинд тоглуулахыг хүсдэг гэнэ. Гэсэн ч тоглоомын төвүүд тэр бүр олдохгүй. Хайж олоод очих гэсээр байтал түгжирч замаасаа буцах нь их гэнэ. Уг нь үйлчилгээний байгууллагууд талбайнхаа нэг хэсэгт хүүхэд тоглох боломжтой жижиг ч болтугай орчин бүрдүүлвэл үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад тустай баймаар.
Бэлтгэсэн А.Үүл