Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн арванхоёрдугаар тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэг гурван мандаттай. Тус тойрогт 16 нам, хоёр эвсэл, нэг бие даагчаас бүрдсэн 49 нэр дэвшигч өрсөлдөж буй юм.
МАН-аас энд УИХ-ын гишүүнээ илгээсэнгүй. Харин дүүргийн Засаг дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, УИХ-ын даргын ажлын албаны зөвлөх Л.Нинжжамц нарыг нэр дэвшүүлээд байна. Л.Нинжжамц философич, эрх зүйч мэргэжилтэй ч хэвлэл мэдээллийн салбартай амьдралаа холбосон нэгэн. Тэрбээр “Дөрөв дэх засаглал”, “Ы бямба гараг” зэрэг сониныг эрхлэн гаргаж, өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрхлэгч, 2017-2020 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ.
АН-аас “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууг нэр дэвшүүлсэн. Анхаарал татахуйц нэр дэвшигчдийн нэг нь яах аргагүй тэр болж байна. Хурцаар шүүмжилж, асуудлыг даацтай хөндөж гаргаж ирдэг сэтгүүлчийн мөн чанар нь бодлого тогтооход хэрэг болно гэж үзэх хүн цөөнгүй бий. Мөн орчуулагч, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн Э.Тамир, инженер Б.Ариунболд нарын улс төрд шинэ хүнийг сойжээ. Нас насны төлөөллөөс бүрдсэн баг гэж хэлж болно.
Ч.Лодойсамбуутай “хоршиж” мэдэх нэг сонирхолтой нэр дэвшигч бол ИЗНН-ын С.Молор-Эрдэнэ. Цаг үеэсээ түрүүлж төрсөн мэт түүний яриа, шүүмжлэлийг хүлээж авахад амаргүй байдаг. Гэвч хожим нь түүний “зөгнөл”-ийн ихэнх нь таараад байдаг талтай. Филисофич, бага зэрэг “гаж” сэтгэлгээтэй гэж болохоор энэ хүн ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг дулааны станцын конструктор инженерийн мэргэжлээр төгссөн юм байна. Хожим буюу 2003-2007 онд Мюнхений их сургуульд философийн докторын зэрэг хамгаалжээ. “Молор-Эрдэнэ философийн академи”-ийг үүсгэн байгуулж, эдүгээ захирлаар нь ажилладаг аж. Мөн ИЗНН-аас 12 дугаар тойрогт МУИС-ийн багш, дэд профессор С.Шаарийбуу гуай нэр дэвшээд буй. Монголчууд энэ хүнийг 2006 оноос хойш мэддэг болсон. Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяа охиныхоо амийг нэхэж, хэргийг нь шударгаар шийдүүлэхийн төлөө хөлөө хүрэх газар хүртэл хөөцөлдсөн эцэг хүн. Уйгагүй, тууштай тэмцсэн 16 жилийн дараа тэрбээр үнэний талд шийдвэр гаргуулж чадсан байдаг. Шударга бусын төлөө тууштай тэмцэж чадах хүмүүсийн нэг гэж үзэн ИЗНН-аас түүнийг нэр дэвшүүлжээ.
Энэ удаагийн сонгуульд 126 хүн нэр дэвшүүлсэн цөөхөн улс төрийн хүчний нэг Иргэний хөдөлгөөний намаас “Иргэдийн алъяанс төв”-ийн захирал Ж.Занаа өрсөлдөж буй юм. Орос хэл, утга зохиолын багш мэргэжилтэй, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ч ажил хийж явсан энэ эмэгтэйг монголчууд мэддэг. Ж.Занаа 2007 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн нэг болж байжээ.
ХҮН намаас 1981 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй, “Эм жи эл акуа” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Санасэр, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Отгонтөгс, “Финпак” ХХК-ийн зөвлөх А.Мандахнаран нарыг сойсон байгаа юм. Мөн Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл энэ тойрогт нэр дэвшсэн. АН-аас өрх тусгаарлаж байгуулсан намынх нь хувьд 2024 оны сонгууль анхных болж байгаа. Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байсан хүн. Хүний эрхийн төлөө тэмцэгч, зохиолч, нэр цэвэр улс төрч эл эмэгтэй Хан-Уулынхны бас нэг онцгой сонголт болно. Тус тойрогт өрсөлдөж буй өөр нэг намын дарга бол САИНН-ын Б.Жагар. Энэ намаас Хан-Уул дүүрэгт ганцхан хүн нэр дэвшүүлсэн нь тэр юм. Тэрбээр хууль судлаач, төрийн удирдлагын магистр гэнэ.
Хан-Уул дүүрэг сонирхолтой, этгээд гэмээр нэр дэвшигч олонтой, сонголт хийхэд ч “урам”-тай тойрог болж байна. Арванхоёрдугаар тойргийн сонгогчид хэлбэр биш, агуулга харж, зөв сонголтоо хийх биз ээ.