Манай улсын хэмжээнд жилд дунджаар 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотоос 42,5 хувь нь буюу 1,4 сая тонн нь бий болдог аж. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105 000 тонн нь гялгар уутны хаягдал. Манай улсад нийт гялгар уутны хаягдлын 4 хувь ч хүрэхгүйг нь дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгайгаар хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар буй.
Гялгар уутны хэрэглээ нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсоны дараа байгальд 200-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болдог.
Гялгар уут нь бидний амьдралд 12 минутын турш хэрэглэгддэг ч хэдэн зуун жил шинж чанараа алдалгүйгээр байгаль, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна. Бидний хэрэглээ бүхэн амьдралыг хялбарчладаг ч бид байгаль орчноо байгалийн нөөцийг хэмнэн хайрлан хамгаалах шаардлага үүсжээ.