Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэх, соёл урлагийн боловсролын хөгжлийг дэмжих зорилготой “Oda-2024” төслийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус төслийн хүрээнд өнгөрсөн жил моно жүжгийн сургалт явуулсан бол өнөө жил сүүдрийн жүжгийн талаар мэдлэг олгожээ. “Oda” нь хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, мэргэжлийн урлагийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийг дэмжих хөтөлбөр бүхий төсөл юм.
Түүнчлэн “Oda-2024” нь хүүхэлдэйн урлагийн эртний төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн тренд, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, найруулах ур чадвар зэрэг онол болон практикийг хослуулснаараа онцлогтой юм. Энэ төслийг манай улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэнэ. Сүүдрийн жүжгийн сургалтад мэргэжлийн урлагийн байгууллагын 200 орчим уран бүтээлчийг хамруулсан байна. Дээрх арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлсэн юм.
Бэлтгэсэн: У.Цэцэг