Автомашины “азын” гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон ЗТХЯ-ны мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо. Тэрбээр уг яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа азын гэх 32 дугаарыг тус бүрийг нь 450 мянгаас 1.5 саяар борлуулж, нийт 34 сая гаруй төгрөгийн орлого, ашиг олсон хэрэгт холбогдсон юм. Эл хэрэгт нь автомашин борлуулдаг нэгэн компанийн борлуулалтын менежер Н.Дөлгөөн гэх залуу хамтран оролцсон бөгөөд “азын” дугаараас олсон орлогоос нь 10 саяын ашиг “хүртсэн” хэмээн буруутгагдсан аж.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэтуяа, Н.Дөлгөөн нарт холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн шийтгэх тогтоол гаргасан юм. Ингэхдээ Б.Эрдэнэтуяагийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэжээ. Харин Н.Дөлгөөний нийтийн албанд ажиллах эрхийг дээрх хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.
Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоол хоёр шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар болон НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.