-Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ-
Туул голын ус үерийн аюултай түвшнээс 82 см-ээр давсныг нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр мэдээллээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 30 см-ээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Туул голын усны түвшин цаашдаа үргэлжлэн нэмэгдэх хандлагатай байгааг тус байгууллагаас онцлов. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс хуралдаж энэ сарын сарын 29-нийг дуусталх хугацаанд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ.
Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварын ажлыг яаралтай хийхээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр мэдээлэв. Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал зэргийг хийхээр бэлтгэж буй гэнэ. Сэтэрч болзошгүй байршлуудад онцгой байдлын алба хаагчид үерийн далан босгож буй аж. Түүнчлэн Төв аймгийн Лүн, Алтанбулаг сум орчимд Туул гол хүчтэй үерлэж болзошгүйг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
“Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “их” гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож буй. Мөн нийслэлийн хэмжээнд 25 000 орчим хүн үер өртөх магадлалтайг тогтоосон дүгнэлт гарлаа” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор иргэд нийгмийн сүлжээнд “Өнгөрсөн жил ч үерт автсан. Гэтэл үүнээс сургамж авч, дорвитой шийдэлд хүрээгүйн улмаас өнөө жил ч адил нийслэл живж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Өнгөрсөн пүрэв, баасан гарагт үргэлжлэн орсон аадар бороо, цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд айлууд үерт автаад буй. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Биокомбинат орчимд амьдардаг97 өрх үерт автсан. Тиймээс 69 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаад буй аж. Уг хэсэгт айлууд ногоо тариалах нь элбэг. Тус хорооныхноос үерийн нөхцөл байдлын талаар лавлахад “Тухайн эрсдэлтэй бүсэд ногоо тариалдаг айл байхгүй. Шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагууд авч байна. Эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлсэн” гэлээ. Түүнчлэн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үер буусан тул тухайн хэсэгт амарч байсан 225 иргэнийг нүүлгэн шилжүүлэв.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дахь “Баянмонгол”, “Саруул” хотхоны автомашины зогсоол хөрсний усанд автжээ. Тухайн хэсэгт өнгөрсөн жилүүдэд ч ийм тохиолдол гарч байсан гэнэ. Тиймээс онцгой байдлын алба хаагчид усыг соруулж буй аж. “Саруул” хотхонд 1200 өрх оршин суудаг бөгөөд 400 автомашин багтах зогсоолтой юм байна. Өчигдөр 15.00 цагийн байдлаар тус хотхон дахь усны түвшин 20 см орчим байгааг хорооны Засаг дарга Г.Мядагцэцэг хэллээ. Сэлбэ гол дагуух айлууд өнгөрсөн жилийнх шиг үерт өртөх эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс холбогдох байгууллагууд айлуудад сэрэмжлүүлэг хүргэж буй. Мөн ус соруулах, далан босгох зэргээр үерээс сэргийлэхээр оролдож буй гэнэ.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд төвийн нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн, Балж, Онон, Хараа, Ерөө, Хурх, Туул голын дагуу болон сав газрууд үерлэжээ. Өчигдрийн байдлаар Тэрэлж, Туул, Хэрлэн голын эх орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-105 см-ээр нэмэгдэн, үерийн аюултай түвшнийг 10-80 см давсан байна.
Орон нутагт хүйтэн бороонд мал осгосон гэнэ. Дундговь аймагт энэ сарын 21-ний байдлаар 300 орчим хонь осгосон аж. Төв аймагт ч мал осгосон, их хэмжээгээр хорогдсон, уруудсан зэрэг дуудлага ирснийг орон нутгийн захиргаанаас мэдээлэв.
Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул голын усны түвшин Алтанбулаг сум орчмоор 80-90 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшнийг 20-30 см давах эрсдэлтэй. Мөн Онон гол Дадал сум орчимд 60-70, Хэрлэн гол Өндөрхаан орчимд 10 см-ээр нэмэгдэх хандлагатай. Түүнчлэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар маргааш, өнөөдөр төв хэсгээр дуу, цахилгаантай аадар бороо орно. Иймд дээрх голуудын ай сав дагуу нутаглаж буй малчид, аялж, амарч яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
Бэлтгэсэн: У.Цэцэг, А.Үүлэн