“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын сүүлчээр 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан билээ. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тавдугаар сарын 30-наас эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон юм. Түүнийг хорьж мөрдөх хугацаа энэ сарын 30-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих уу, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх үү гэдгийг АТГ-ын мөрдөгчдийн гаргасан саналыг үндэслэнНПГ-ын хяналтын прокурор нь дээрх шүүхэд уламжлаад ирэх долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн шийдвэрлэх юм билээ. Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний холбогдсон өөр нэг бус үйлдлийг нэгтгэсэн байна. Тухайлбал, барилга хүлээн авах Улсын комисс хэмээх 15-16 хүнтэй багт орж ажиллахдаа шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй, мөн өөрт нь давуу байдал олгосон үйлдлээс их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай хэмээн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй гэнэ.