Зургадугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см бага байна. Хангай нурууны араас усжих Идэр голын эх болон Чулуут голын нийт уртын дагууд усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногт 5 см орчим нэмэгдсэн хандлагатай байсан бол бусад голуудын хувьд хугацааны турш аажим буурсан явцтай ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 10-25 см бага аж.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай, Шивэрт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан явцтай байсан бол арав хоногийн сүүлээр орсон хур борооны улмаас Тэрэлж, Сөгнөгөр, Туул голын дагууд усны түвшин хоногт 5-40 см нэмэгджээ. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал Сэлбэ, Улиастай, Туул голын адгаар 10-35 см ахиу, бусад голуудын хувьд 10-30 см бага байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай ба арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см бага харин Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар орчимд олон жилийн дунджаас 30-40 см ахиу түвшинд байна.
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин энэ сарын дунд арав хоногт аажим буурсан бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин арав хоногийн дундуур хоногт 5-10 см нэмэгдсэн байдалтай байлаа. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см ахиу устай байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Согоог, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Бодонч, Үенч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин мөнх цас, мөсөн голын хайлалтын улмаас өмнөх арав хоногт 15-60 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Булган-Байтаг харуул орчимд үерийн түвшинг даван үелэсэн байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан бол Онги голын нийт уртын дагууд арав хоногийн турш хоногт 5 см орчим буурсан байдалтай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага харин Байдраг, Заг голын хувьд олон жилийн дунджаас 15-40 см их аж.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг зэрэг голуудад өмнөх арав хоногт түвшний өөрчлөлт багатай үе ажиглагдсан бөгөөд дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см бага байна.Зургадугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан хэдий ч зарим голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна.
Эх сурвалж: УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс