Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хороонд айлын гэр, хашаа усанд автсан, автомашин урссан гэсэн 12 дуудлагыг уржигдар нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улаанбаатар хотод 21.00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас ийнхүү айлуудын гэр, байшин усанд автсан аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн ус тогтсон байршлуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг өчигдөр онцгой байдлын алба хаагчид хийжээ. Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадар борооны үеэр онцгой байдлын байгууллагад 20 дуудлага, мэдээлэл ирсэн. Үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-нд шилжих шөнө аадар бороо үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв. Мөн нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугаа 1917 айлд нүүх мэдэгдэл хүргүүлж буй гэнэ.
Завхан аймгийн Улиастай сумд энэ сарын 17-нд орсон үерийн улмаас айлуудын гэр, хашаа нурж, сумын төв нь бүхэлдээ усанд автаад буй. Уг үерт 158 өрхийн 449 хүн өртсөн аж. Тэдгээрээс 18 айлыг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн 45 иргэнийг түр хоргодох газарт байрлуулаад байгаа гэнэ. Гамшгийн хор уршгийг арилгахаар 210 ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй. Тэд нийтийн эзэмшлийн 1500 ам метр талбайг ариутган халдваргүйжүүлээд байгаа аж. Мөн хуримтлагдсан лаг шаврыг зөөх, үерт өртөж эвдэрсэн замыг засаж, хохирлын үнэлгээ хийж буй юм.
Бэлтгэсэн А.Үүл