Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийн багш, суралцагчид бэлтгэлээ хангаж байна. Бүгд найрамдах Франц улсын Леон хотод 2024 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монгол улсын багийн уулзалтыг 06 дугаар сарын 19-ний өдөр Барилгын политехник коллеж дээр зохион байгууллаа. Уулзалтад Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Дэлхийн ур чадварын уралдааны багийн ахлагч, техникийн төлөөлөгч, тэмцээнд оролцох мэргэжлийн эксперт болон туслах багш нар оролцлоо.
Уулзалтын үеэр дараах асуудлыг ярилцаж харилцан санал солилцлоо. Тодруулбал, Багийн ахлагч тэмцээний бэлтгэлийн явц, үр дүн, анхаарах зүйл, Техникийн төлөөлөгч 2024 оны дэлхийн ур чадварын тэмцээний зохион байгуулалтын талаарх урьдчилсан мэдээлэл, Боловсролын ерөнхий газраас “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын төслийн танилцуулга, дэлхийн ур чадварын тэмцээний бэлтгэл хангах, зохион байгуулалттай холбоотой тушаал шийдвэрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тус тус танилцуулав.
Гагнуур, CNC токарь мэргэжлийн оролцогчид эксперт багшийн хамт түншлэгч байгууллага дээр, тогооч, цахилгаан, өрөг угсрагч, сантехникч, мужааны мэргэжлийн оролцогч экспертийн хамт сургалтын байгууллага дээр бэлтгэлээ хуваарийн дагуу амжилттай хийж байна. Уулзалтад оролцогчид өрөг угсрагч, сантехникч, CNC токарь мэргэжлийн дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүүхдүүдийн бэлтгэлийн явц, ажлын байртай танилцаж зөвлөгөө өгч, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журмын төсөлд санал өгч ажиллалаа.
Цаашид цахилгаан, тогооч мэргэжлийн оролцогчид Тайвань улсад мэргэжлийн ур чадварын сорилго тэмцээнд оролцох, Бүгд Найрамдах Солонгос улсын CNC токарь, тогооч мэргэжлийн экспертүүд Монгол улсад ирж хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.