“Ногоон автобус” гэх тодотголтой, нийслэлийн нийтийн тээвэрт хуучин автобус худалдан авч хүлээлгэн өгсөн хэргийг зохион байгуулагч, гүйцэтгэгч хэмээн яллагдагчаар татагдан шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж буй “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргажээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарын эсрэг зарга мэдүүлсэн юм байна. Бидний авсан мэдээллээр А.Ганхуягийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж, батлан даалтад гаргахаас татгалзсан учраас Сахилгын хороонд хандсан гэнэ. Түүний гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр хянаад шүүгч Б.Халиун, Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарын эсрэг мэдүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг өчигдөр хуралдаанаар хэлэлцэв. Улмаар уг саналыг нь хүлээн авч шийдвэрлэжээ.