Өнөөдрөөс ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Булган аймгуудын нутгуудаар, 20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгуудын нутгаар, Сэлэнгийн баруун талын сумдуудаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар хот орчмоор, Хэнтийн нутаг, Дорнодын баруун өмнөд талын сумдуудаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, үүний ар талаас үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул малчид, амрагчид, голын ай сав дагуу байрлаж байгаа айл өрхүүд, зусландаа гарч байгаа иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж буй бодит мэдээллийг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөж хөдөө орон нутагт зорчихыг анхааруулж байна.
Нийслэл Улаанбаатар хот орчмоор зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө, 21-ний өдөр усархаг бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул үерийн ам дагуу байрлаж байгаа айл өрхүүдийг эртнээс арга хэмжээ авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байх, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ үерийн гамшгаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.