Өнөөдөр буюу зургадугаар сарын 18-нд Улаанбаатар хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр зургадугаар сарын хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт борооны өмнө хүчтэй нөөлөг салхи салхилж, гэнэтийн дуу цахилгаатай аадар бороо, мөндөр орохоор байгаа юм.
Түүнчлэн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгаа тул болзошгүй үерийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас гаргалаа.
Зөвлөмж:
- Сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч болзошгүй байдлаас сэрэмжлэх
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Тэнгэрийн байдал, үүлшилт, салхины чиг, мал амьтны хөдөлгөөнийг шинжиж аюулаас урьдчилан сэргийлэх
- Өндөр хүчдэлтэй цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, харгалзах хүнгүй орхихгүй байх
- Зөвшөөрсөн зам, гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан голуудын усны түвшин ямар байгаа талаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын(ОБЕГ)-аас дараах мэдээллийг өглөө. Зургадугаар сарын 18-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Хангай нурууны Буянт, Заг, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ. Мөн Ховд гол Мянгад сумын орчимд үерийн түвшнийг 30 см орчим давсан. Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байж, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байж, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөв.