Улиасны унгирал нь 6-7 дугаар сард агаарт дэгддэг. Үүнээс үүдэн нүүр загатнах, нус гоожих, найтаах зэрэг харшлын шинж тэмдэг илэрч буйг иргэд ярьж байна. Улиасны унгирал нь харшил үүсгэдэг эсэх, талаар мэргэжилтнүүдийн байр суурь хуваагдаад буй. “Улиасны унгирал харшил үүсгэгч хүчин зүйл биш. Биед наалдаснаас загатнуулдаг. Тиймээс амны хаалт болон нүдний шил зүүх хэрэгтэй. Агаар хуурайшилттай үед унгирал ихээр тархдаг” хэмээн НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушиг, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболд“Улиасны унгирал нь модлог ургамлын харшлыг үүсгэдэг” гэв. Тиймээс гадуур гарахдаа нүдний шил, амны хаалт хэрэглэх нь чухал аж.
Унгирлыг тархахаас сэргийлж холбогдох байгууллагууд нь улиасыг даралттай усаар шүршдэг юм байна. Мөн тоосжилтын үе нь эхлэхээс өмнө буюу хаврын улиралд тайрдаг гэнэ. Түүнчлэн унгирлыг бууруулах зорилгоор эм улиасны 60 орчим хувийг хэлбэржүүлээд буй аж. Гэвч эдгээр нь төдий л үр дүнд хүрдэггүй байна. “Эм улиасыг хотын төвд тарихад тохиромжгүй. Ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлтэд л түгээмэл ашигладаг. Улиасны унгирлыг бууруулахын тулд усаар шүршээд ч нэмэргүй. Наранд ус нь хатаад буцаад л унгирал дэгдэж эхэлдэг. Улиасыг анхнаас нь эр, эмээр тэнцвэртэй тарих хэрэгтэй. Гадаадын улс орнууд манайх шиг хотын төв хэсэгтээ улиас тарьдаггүй” гэж ландшафт архитектор С.Улаанхүү хэллээ.