Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч ирэх сарын 7-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Нийтийн тээврийн газрын ажилтан асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогт шүүх хуралд ирээгүйгээс хойшлуулах захирамжийг шүүгч Б.Халиун гаргажээ. Ингэснээр эл хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурав дахь удаагаа хойшилж байна.
“Ногоон автобус”-ны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ. Прокуророос тэдэнд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3- 2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.