МУИС -ийн салбар дундын шинжлэх ухааны төвийн 16 давхар байрны суурийг ч тавилгүй таван жил өнгөрөв.
Манай дээд боловсролын ууган байгууллага бол Монгол Улсын их сургууль. Нэрээр нь ч, байраар нь ч монголчууд андахгүй. Энэ сургуульд номын дуу сонсож, төгсөөд ажлын талбарт гарсан олон ч хүн улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй.
Гэвч улсын ууган их сургуулийн өмчийг зарж, иддэг хэсэг бүлэг хүний үйлдлээс болж цогцолбор байдлаар хөгжиж байсан МУИС нэрээ ч, газраа ч алдахад хүрсэн. Тодруулбал, МУИС, МҮИС нэрийн маргаан нэг хэсэг олны анхааралд өртөж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэгвэл одоо МУИС болон түүний бүрэлдэхүүн сургуулийн эзэмшлийн өөр нэг өмч буюу газартай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгаж буй бөгөөд хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа юм. Эдгээрийг дор дэлгэрүүлэн хүргэе.
17 ТӨРЛИЙН БАРААНЫ ТЭМДГЭЭС МҮИС-ИЙНХАН АВАХ ГЭЭД ЯЛАГДСАН НЬ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “МҮИС нь ардын их сургуулийн нэрийг хулгайгаар авсан” хэмээн мэдэгдэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд МУИС, МҮИС-ийн нэр, түүний товчлолтой холбоотой маргааныг шийдэж байсан юм. “Монголын үндэсний их сургууль” НҮТББ нь 2001 оноос “Монголын үндэсний дээд сургууль” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан билээ. Түүнээс өмнө “Чандмань эрдэнэ” коллеж нэртэй байсныг ч зарим хүн санаж буй биз. Тус сургуулийнхан Боловсролын тухай хуульд заасан их сургуульд тавигдах шаардлагуудыг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны наймдугаар сарын 6-ны А/754 дугаар тушаалаар Монголын үндэсний их сургууль (МҮИС) болж нэрээ өөрчилсөн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд АН-ын “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар тухайн оны наймдугаар сарын 10-даар байгуулагдахын өмнөхөн БСШУ-ы сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярын шийдвэрээр МҮИС гэх нэртэй сургууль бий болсон нь нэр, тэмдгийн маргааны эхлэлийг тавьжээ.
МҮИС-ийнхан шүүхэд “Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 13 дугаар тушаалаар 11 716 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг олгож, “MUIS”, 2015 оны 116 дугаар тушаалаар 14 261 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний дагуу “MУИС”, 2015 оны 116 дугаар тушаалаар 14 262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний дагуу “MNU” гэх барааны тэмдгийг тус тус МУИС-д олгож, тухайн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болохыг зөвшөөрсөн байна. Мөн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны аравдугаар сарын 28-ны А/190 дүгээр тушаалын Монгол Улсын их сургуульд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “MNU” барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлийг, 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mon¬golian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл 2020 онд гаргасан байдаг. Түүндээ МҮИС нэрээ гадаад, дотоодод чөлөөтэй ашиглаж чадахгүй байгаагаа тодотгосон аж.
Уг нь МҮИС шүүхэд хандахаас өмнө төрийн өмчит ууган их сургуулийнхан Оюуны өмчийн газарт хандаж, “МҮИС нь МУИС-ийн эзэмшлийн барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж байна” хэмээн гомдол гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан гэдэг. Оюуны өмчийн газрынхан шүүхэд “МУИС нь 2012 оны арванхоёрдугаар сарын 25-нд MUIS, MУИС, MNU гэсэн үгэн тэмдгийг бараа үйлчилгээний 9, 14, 18, 20, 21, 22, 24, 25, 27, 35, 41, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад бүртгэлтэй барааны тэмдгийн хайлтын санд хайлт хийхэд бүртгэгдсэн, мэдүүлсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан тул шинжээчийн шийдвэр гарч, мэдүүлгийг 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлгийн улсын бүртгэлийн 11 716, 14 261, 14 262-т бүртгэж барааны гэрчилгээ олгосон.
Харин “МҮИС” НҮТББ нь 2013 оны арванхоёрдугаар сарын 13, 2017 оны гуравдугаар сарын 29-нд MNU, 2017 оны гуравдугаар сарын 29-нд MONGOLlAN NATlONAL UNlVERSlTY гэсэн үг бүхий барааны тэмдэгтийг бараа, үйлчилгээний 16, 41, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн ба дээрх хуулийн заалтын дагуу хайлт, шүүлт хийж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.7-ын дагуу өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу МУИС-ийн 11 716, 14 261, 14 262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг олгосон” хэмээсэн байдаг.
Тэгвэл МУИС-ийнхан шүүхэд “Монгол Улсын их сургууль нь 1942 онд үүсгэн байгуулаг даж, Боловсролын сайдын 1992 оны аравдугаар сарын 26-ны 476 дугаар тушаалаар үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд “Монгол Улсын их сургууль” нэрээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч, дээд боловсрол олгох, бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь “Монгол Улсын их сургууль” гэсэн үгийн англи, монгол хэлээр, мөн англи, монгол үгийн товчилсон хувилбар оролцуулаад нийт 17 төрлийн үгэн болон дүрсэн барааны тэмдгийн хууль ёсны өмчлөгчөөр Оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж хамгаалуулсан” гэсэн байна.
Анхан шатны шүүхээс Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасныг үндэслэн цаг хугацааны хувьд анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар байна” гэж дүгнээд МУИС-ийн талд шийдвэр гаргаж, МҮИС-ийнхны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. Ингэснээр 1998 онд “Чандмань эрдэнэ” коллеж нэртэй байснаа нэг бус удаа өөрчилж, сүүлдээ МҮИС гэх болсон хувийн сургууль, 1942 онд байгуулагдсан Монгол Улсын ууган их сургуулийн хоорондын нэр, барааны тэмдгийн ашиглалтын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм.
Харин Монгол Улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль гэх нэрийн асуудлыг шүүх хэлэлцээгүй орхисон. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан юм. Тодруулбал, нэхэмжлэгч МҮИС-ийнхан зөвхөн “MNU” болон “MУИС” барааны тэмдгүүдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх тул хуулийн этгээдийн нэрийн асуудал энэ маргаанд хамааралгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн нэртэй холбог дуулан маргаж байгаа бусад үндэслэлд шүүхээс дүгнэлт гаргах шаардлагагүй” хэмээн шийдвэрлэсэн юм.
VI БАЙРНЫ БОЛОН АМРАЛТЫН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ХОЛБОГДЖЭЭ
МУИС-ийн VI байр буюу Газар зүй, геологийн сургууль гэх ягаан өнгөтэй байр ХБНГУ-ын Элчин сайдын яамны хойд талд, Хүүхдийн урлан бүтээх төв буюу өнөөгийн “Новотел” зочид буудлын замын урд талд “Г” хэлбэртэй байшин байсныг зарим уншигч санаж буй нь лавтай. Тус байрыг мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд 2019 онд нурааж, оронд нь 16 давхар барилга барихаар төлөвлөсөн ч ажил нь урагшлаагүй л байгаа.
Уг нь МУИС-ийн VI байр олон жилийн өмнө Засгийн газрын мэдлийнх байж. Нэг талд нь тус сургууль үйл ажиллагаа явуулж, нөгөө жигүүрт нь Сүхбаатар дүүргийн Соёлын төв ажиллан нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулдаг байсныг ч гадарлах хүн цөөнгүй бий. Бас Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж байрлаж байсан гэх юм билээ. Гэтэл нэг л өдөр тухайн байрыг бүхэлд нь нураасан. Өдгөө хойд хэсэгт нь буюу Сүхбаатар дүүргийн Соёлын төв байсан газарт “Могул тауэр” хэмээх доороо үйлчилгээний төвтэй орон сууц барьж, ашиглалтад оруулчихаад буй. Бидэнд олдсон мэдээллээр тус Соёлын төвийг удирдаж байсан нэгний садан төрлийн хүний эзэмшлийн аж ахуйн нэгж тухайн орон сууцыг “Ковид-19”-ийн жилүүдэд барьчихсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Гэтэл боловсролын байгууллагын буюу МУИС-ийн салбар дундын шинжлэх ухааны төвийн 16 давхар байрны суурийг ч тавилгүй таван жил өнгөрөв. Энэ хооронд МУИС-ийн VI байрны эзэмшлийн талбайгаас эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр хумсалж, хувийн компанид олгосон байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдож буй бололтой. Тиймдээ ч Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхны хамтарсан ажлын хэсэг гарч төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн эзэмшил газартай холбоотой хяналт шалгалт хийсэн байна. Тэд төрийн өмчийн болон төрийн өмчийг менежментийн гэрээгээр ашиглаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын газар болон үл хөдлөх бусад хөрөнгийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгээд хараахан дүнгээ нэгтгэж дуусаагүй, холбогдох газруудад танилцуулаагүйг албаны хүмүүс хэлэв. Юутай ч Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагаас сургуулиудын эзэмшил газар анх ямар хэмжээтэй олгосон, одоо хэрхсэн талаарх мэдээллийг нь нарийвчлан авч тайлан, танилцуулгадаа тусгахаар болж буй юм билээ.
Тэгвэл МУИС болон түүний бүрэлдэхүүн сургуулийн эзэмшлийн газраас эрх мэдлээ урвуулан хувийн аж ахуйн нэгжид олгосон байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст бас шалгасан юм байна. Гэхдээ үүнийг холбогдох байгууллагынхан ихэд нууцалж буй аж. Магадгүй энэ нь УИХ-ын сонгуультай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь 2016-2020 онд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайг үүнд холбогдуулан шалгаж эхэлсэн юм билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн түүнийг нэг бус үйлдэлд буруутган мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэнэ. МУИС-ийн VI байрны газраас 200 гаруй ам метр талбай хасагдсан нь аудитын байгууллагын дүгнэлт, улсын бүртгэлийн газрын мэдээлэл зэргээр тодорхой болсон юм билээ. Үүнд дээрх албан тушаалтныг буруутгаж буй аж.
Зөвхөн МУИС-ийн VI буюу Газар зүй, геологийн сургуулийн байрны эзэмшил талбайгаас гадна бүрэлдэхүүнд нь багтдаг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн эзэмшлийн сургалтын баазын газраас нэлээд хэмжээгээр хасагдсан нь дээрх Засаг даргын орлогчтой холбоотой хэмээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тус бүрэлдэхүүн сургуулийн эзэмшлийн сургалтын бааз нь Төв аймгийн Эрдэнэ сум дахь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын“Харзтай” амралтын нутаг дэвсгэрт багтдаг гэнэ. Түүнээс 44 000 гаруй ам метр талбай нь хасагдчихаад буй аж.
Энэ мэтээр төрийн өмчийн сургуулийн эзэмшлийн талбайгаас хасагдаж, хувийн аж ахуйн нэгжүүд барилга барьж, эзэн суух болсон учраас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч хамтарсан шалгалт хийж, АТГ-ынхан ч аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслээд эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь гарцаагүй. Шалгалтын дүн тодорхой болохоор аль сургуулийн эзэмшлээс хэчнээн хэмжээний газар эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр ямар аж ахуйн нэгжүүд хумсалж барилга барьсан талаар бид эргэн мэдээлэх болно.