Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутагшуулсан тарваганы тоо өссөн байна. Тарвага их өсөж байгаа газраас тоо толгой нь нэн ховордсон нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирчээ. Өдгөө хоёр бүл тарвага нь 100 орчим болж өссөн гэнэ. Мөн цагаан тарвага нь долоо болж үржжээ. Тус бүс нутгуудад судалгаа, шинжилгээ хийх, хулгайн анчдаас сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлсэн байна. Түүнчлэн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санаачилгаар Монголын мэргэшсэн загас үржүүлэгчдийн “Тэнүүн” холбоотой хамтран Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын VI баг, Үхэр чулуутайн булан гэх газарт зэвэг, хадран зэрэг загас үржүүлэхээр болжээ. 2025 оноос үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд жилд дунджаар 300-350 мянган жарамгай үржүүлж, Орхон голд тавихаар төлөвлөсөн байна.