Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гарагт нийслэл болон орон нутгийн мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдаж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэгдлээ. Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас ойрын өдрүүдийн төлөвийг мэдээлсэн юм. Өнөөдрөөс баруун аймгууд, цаашдаа ихэнх нутгаар бороошиж, үерийн эрсдэл өндөр байх гэнэ. Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Зургаа, долоодугаар сард төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно.
Мөн наймдугаар сард төв, зүүн аймагт хур тунадас ахиухан орох нь. Баруун болон говийн аймгийн ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу, зуншлага тааруу байгаа. Хатаж, гандаж, хуурайшсан ийм газарт бороо их орвол хөрсөндөө шингэж чадахгүй, үер буух эрсдэлтэй” гэв. Түүнчлэн төвийн аймгуудын нутгаар маргаашнаас гурав хоног үргэлжлэн бороо орох гэнэ. Хөрс нь чийг ихтэй буй учраас борооны усыг шингээж чадахгүй, үерийн аюул дагуулах эрсдэлтэйг албаныхан анхааруулсан юм. Түүнчлэн энэ сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай сумд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус оржээ. Мөн Өвөрхангай аймагт гурван айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдсон байна.