Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ.
Тус наадмыг гадаадын жуулчид болоод монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд гар урлалын үзэсгэлэн худалдаа, наадмын оролцогчдын үндэсний хувцастай парад, Ардын урлагийн төрөлд оролцогчдын уралдаант шалгаруулалтын тоглолт, Гар урлалын воркшоп, Японы кимоно римаке урлаачдын үзэсгэлэн гарч байна. Орой 19.30-21.30 цагийн хооронд наадмын нээлтийн ёслол, Монгол болон гадаадын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно. Бямба гарагт Гар урлалын үзэсгэлэн худалдаа, Ардын урлагийн төрөлд оролцогчдын уралдаант шалгаруулалтын тоглолт, Олон улсын ЖДҮ-гийн өдөрт зориулсан үйл ажиллагаа, "Asia Folk 2024" наадмын оролцогч, БНЭУ, Япон Улсаас ирсэн гар урлаачид, үндэсний дизайнеруудын загварын шоу, гар урлалын воркшоп хийхээр төлөвлөжээ. Харин ням гарагт дээрх үйл ажиллагаанууд үргэлжлэхээс гадна хаалтын ажиллагаа 19.30 цагт эхэлж, шагнал гардуулж, гала тоглолтоор үргэлжилнэ.