Туул голын эрэг дагуух, үерлэх, иргэд осолдох эрсдэлтэй 10 цэгт анхааруулах самбар байршуулжээ. ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтран судалгаа хийсний үр дүнд тулгуурлан тэдгээр байршлыг тогтоосон аж. Анхааруулах самбаруудад усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаягийг монгол, англи хэлээр бичсэн байна. Мөн цэг тус бүрийн усны гүний мэдээллийг самбарт байршуулсан гэнэ. Үүнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай аж. Туул гол дагуу амарч, зугаалах иргэд ийм самбартай таарвал сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.