Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар өчигдөр хотын энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын танилцуулснаар энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжих болсонтой холбогдуулан төсөвт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн бондын хөрөнгөөр хэд хэдэн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад 300 тэрбумыг зарцуулах нь. Мөн нийслэлийн гол болон туслах, гудамж замуудын сүлжээг өргөтгөх, шинэчлэх, засварлахад 150, ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжид 40 тэрбум төгрөг зарцуулахаар тодотголд тусгасан байна. Эдгээрээс гадна үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга, байгууламжийн ажилд зургаа, бондын андеррайтинг үйлчилгээний зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөжээ. Төсвийг тодотгосноор нийт орлого 3.1 их наяд төгрөг болж нэмэгдэх аж.
Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэнэ. Хоёр дахь хэлэлцүүлгийн товыг хараахан гаргаагүй байна.