Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн эмзэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм. Гэвч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан билээ. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж байцаасан юм. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцэн ял шийтгэсэн. Тодруулбал, шүүхээс Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан хэмээн хоёр жил зургаан сар хорих ял оноосон бол Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг шүүгдэгч хоёр хүн эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч амжилт олоогүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Г.Сарангэрэл, Ж.Эрдэнэ-Ундрах нарын өмгөөлөгч С.Болорчулуун, Л.Батжаргал, Ө.Учрал нар Дээд шүүхэд хандсаныг уржигдар хянаад хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар тэд анхан шатны шүүхээс оноосон ялаа эдлэхээр болж байна.