Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Тодорхой хэлбэл, зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэж байгаа аж.
Иргэд, аж ахуйн нэгж нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх аж ахуйн нэгжид хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь хог тээвэрлэгч аж ахуйн нэгж болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.