Их хэмжээний аадар борооны улмаас усанд автсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төв талбайд өчигдөр тайван жагсаал хийж, холбогдох албаныханд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, өнгөрөгч оны 7-8 дугаар сард нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Түүнээс хойш 10 гаруй сар өнгөрсөн ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулаагүй байна. Тэдний төлөөлөл тухайн үед хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь холбогдох байгууллагад хүргүүлсэн ч одоо хүртэл ямар ч арга хэмжээ авч, хариу өгөөгүйг онцоллоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60, 61 дүгээр байрны В1 болон нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлж байсан зарим аж ахуйн нэгж үерт автаж, хохирол амссан. Тухайн үед нийслэлд нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан гэх дүгнэлтийг холбогдох байгууллагынхан нь гаргажээ. Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60, 61 дүгээр байранд үйлдвэрлэлийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлж байсан 30 орчим аж ахуйн нэгжид нийт 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үерт автсан 60 дугаар байранд арьс, нэхийгээр бүтээгдэхүүн урлах үйлчилгээ эрхэлж байсан иргэн Г.Тэгшжаргал “Манайх 2018 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан . Гэтэл зургаан жилийн хөдөлмөр маань нэг л өдөр усанд живчихсэн. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар нар хоорондоо тохиролцож, “S’outlet” орчмын сэтрэх гэж буй даланг манай байрны чиглэлд сэтэлж, усыг урсгасан. Үүнээс болж өдгөө 30 гаруй аж ахуйн нэгж хохироод байна. Бид зориулалтын газар, албан ёсоор зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байсан. Гэтэл одоо хүртэл үйл ажиллагаагаа сэргээж чадсан гүй. Миний хувьд 170 гаруй сая төгрөгийн хохирол амссан боловч үнэлгээ хийлгэхэд 57 сая төгрөг гэж гарсан. Уг нь хотын дарга Х.Нямбаатар дүгнэлтээ авчраад хохирлоо барагдуулж болно гэсэн. Гэвч дүгнэлтээ аваад очиход нийслэлд үүнийг шийдвэрлэх хөрөнгө байхгүй гэх шалтгаанаар УОК-руу буцаасан. Үүнээс үүдэн бид үйл ажиллагаа эрхэлж чадахгүйд хүрч, хохирч буй . Тиймээс нийслэлийн удирд лагууд үүнийг анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна” хэмээв.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн